RE-IMAGINE MONGOLIA


RE-IMAGINE MONGOLIA – гар урлалын төсөл нь урлагаар дамжуулан бага орлоготой өрхийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уран бүтээлч, иргэд, олон нийтийн байгууллагын хамтын бүтээлч санаачлага юм.  Тус санаачлагын хүрээнд МУЗ нь Монгол үндэсний өв соёлын нэг болох цаасан шуумлын аргачлалаар шинэлэг, байгальд ээлтэй, хэрэглэхүйц гар урлалын бүтээл, бүтээгдэхүүн хийж, худалдан борлуулахад чиглэсэн цуврал сургалт, менторшип арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулдаг.

Анх 2017 онд МУЗ-аас санаачилсан тус төслийг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны 20 эмэгтэйг хамруулан, 5 уран бүтээлч-багшийн удирдлаган дор 2 сарын турш цаасан шуумал урлалын аргаар шинэ бүтээл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн урлахад сурган, бүтээлийг худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд бэлэг дурсгалын болон ахуйн хэрэглээний төрөл бүрийн бүтээгдэхүүнийг цаасан шуумал аргачлалаар бүтээхэд мэргэшихийн сацуу энэ чиглэлээр багшлах ур чадварыг эзэмшсэн байна. Эдгээр эмэгтэйчүүдийн бүтээлийг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зай, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей болон www.redger.org цахим худалдааны хуудсаар худалдаалж, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Тус санаачлагыг хэрэгжүүлэхэд Швейцарийн Хөгжлийн Агентлаг ивээн тэтгэж, СХД-ийн 3-р хороо, “Inspired living” урлангийн уран бүтээлч Габреалла Повер, Э.Билигт, Б.Цэрэндэжид, Ж.Ариунтуяа нар хамтран ажилласан юм.

Цаасан шуумал нь үндэсний уламжлалт гар урлалын нэг төрөл бөгөөд модон эсвэл шавар материалаар бүтээсэн хэв дүрсэн дээр цаасыг цавуудан давхарлаж хийдэг. Цаасыг буцалгаж, эсвэл дэвтээж, нялцгай жонхуу болгон цавуугаар наадаг. Эрт үед буддын шашинд бурхан багшийн баримал болон шашны зан үйл бүхий цамын бүжгийн цамын багийг цаасан шуумлаар урладаг байжээ. Цамын баг нь Монголын дахин давтагдашгүй урлагийн бүтээл бөгөөд өдгөө музей, сүм хийдэд хадгалагдаж байна. Цаасан шуумал бүтээл нь гараар урладаг тул дахин давтагдашгүй, бат бөх, хөнгөн бөгөөд хаягдал цаас ашигладаг тул байгальд ээлтэй зэрэг олон давуу талтайгаас гадна соёлын өвийг өвлүүлэн үлдээж, орчин үед хэрэглээнд оруулж буйгаараа онцлог юм.

Цаашид МУЗ нь Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод оршин суух эмэгтэйчүүдийг бүтээлч үйл ажиллагаанд хамруулан, үндэсний болон орчин үеийн шийдэл бүхий бүтээл туурвихаар төлөвлөж байна.

https://www.facebook.com/ReIma...