Эх Ус үзэсгэлэн


“Улаан гэр” бүтээлч орон зай нь уран бүтээлч Ж.Ариунтуяагийн “Эх Ус” үзэсгэлэнг 2019 оны 12 сарын 19-нөөс 2020 оны 01 сарын 20-ныг хүртэл танилцуулах гэж байна. Жамбалдоржийн Ариунтуяа нь 1992 онд төрсөн авъяаслаг залуу уран бүтээлчдийн төлөөлөл бөгөөд СУИС-ДУСургуулийг төгссөн. 2015 оноос “Миний урлан” студид нэгдэж “Тара” брендийг найзуудын хамт үүсгэн ажиллуулж байна.

2019 оны 2 сард анхны бие даасан “Дусал Агаар” үзэсгэлэнгээ 976 арт галерейд танилцуулж байсан. Уран бүтээлч маань одоо дэлгэгдэх гэж буй “Эх Ус” үзэсгэлэндээ зориулан:

“Далай дусалд хураагдахуй

Далай хэний уй юм  

Дөтлөх тусам алсрахуй

Би долгист ч багадаад

Хүлцэн сөгдөөд уйлмаар

Хөл алдан живмээр” гэж  шүлэглэжээ.

Ж.Ариунтуяа нь Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ) болон Зориг сангийн хэрэгжүүлдэг “Залуу манлайлагч” (2015, 2016) хөтөлбөрийн төгсөгч бөгөөд МУЗ-ийн хэрэгжүүлдэг гар урлалын “ReImagine Mongolia”, “Миний гэр Миний хот” төслийн сургагч багшаар ажиллаж байсан юм.