Туда Сюда бүжгийн тоглолт


Монголын Урлагийн Зөвлөл нь соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Моушин Монголиа”  олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг 2018 оны 5 дугаар сарын 07-14-ны хооронд анх удаа зохион байгуулсан билээ. Тус наадмын хүрээнд 5 сарын 11 өдөр Оросын холбооны улсын үеийн бүжгийн хос “Туда Сюда” өөрсдийн үзүүлбэрээ “Улаан гэр” галерейд толилууллаа. ОХУ-ын бүжгийн “Туда-Сюда” дуэт “Инагш=Чинагш” нэртэй бүжгээ толилуулна. Энэхүү бүжгээрээ тэд юм бүхэн хоёр талтайг илэрхийлэхийг зорьжээ. Гол нь өөрийн замыг олох аж.

Өөр өөр чиглэлээр мэргэшсэн хоёр дэглээч нэгдэж, дүрслэлийн шинэ хэлбэр эрэлхийлэхээр шийдсэн нь тус хамтлагийн эхлэл болжээ. Тэд “Тюда-Сюда” (“Ийш-Тийш” гэсэн утгатай) гэх нэрээ санамсаргүй бодож олсон аж. Катерина Незванова, Ирина Малая нар бүжгийн сэтгэлгээний эрс ялгаатай хэв төрхөөрөө нэгдэж нэгэн цул болдог. Хоёр бүжигчний эрчим хүч нэгдэхэд нарийн, мэдрэмтгий, тэгсэн атлаа тааварлахын аргагүй, эрч хүчтэй туурвил төрөх ажээ. Бүжиг бүр нь орон зай, сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмж, хөгжмийн задгай хүүрнэл байдаг.

Катерина Незванова сонгодог балетаар хичээллэж өсөөд модерн болон орчин үеийн бүжгээр мэргэшжээ. Тэрээр Оросын хотуудаар байнга аялж, миниатюр болон театрчилсан тоглолт хийдэг. К.Незванова театрын сургуулиуд дотор толгой цохидог ОХУ-ын Театрын урлагийн их сургуулийн (ГИТИС) орчин үеийн бүжиг дэглэлт, тайзны бүжгийн магистр. Өдгөө Новосибирскийн Dancehelp төсөл, Dance hotel төвийн зочин дэглээчээр ажиллаж байна. Оросын үндэсний болон олон улсын бүжгийн наадам, тэмцээнүүдэд шүүгчээр ажилласан туршлагатай бөгөөд театрын, кино жүжигчидтэй ойр ажилладаг. К.Незванова ОХУ-ын Москва хотын Жүжгийн зохиол, найруулгын төв театрт “Цагаан бөөрөлзгөнө” (2017), “Аялагч, бадарчин хоёр” (2018) хэмээх хоёр зохиолоо дэглэн тоглож байв.

1995 оноос хойш бүжиглэж буй Ирина Малая найруулагч мэргэжилтэй, Оросын гудамжны тэргүүлэх бүжигчдийн нэг. Үүний зэрэгцээ дижей, MC, бүжгийн багш, театр, киноны бүжиг дэглээч. А.Бартеневын “Эгч дүү гурав” төсөл, театрчилсан циркийн шоу “Корцертина”, хөгжмийн 4D төсөл “Хувирал”, “Харилцан яриа” бүжгэн жүжгийн бүжигчин, дэглээч, “Сайн жаал” киноны (2016 оны Кинотаврт шалгарсан) бүжиг дэглээчээр ажиллаж, Борис Шарманцын “Роман фото” төсөлд оролцож байв. Тэрээр гудамжны бүжгийн чиглэлээр багшилдаг бөгөөд бүжиг сонирхогчдыг биеэ чөлөөтэй илэрхийлэх, импровизаци хийхэд сургахын сацуу, биомеханикийн онолын хичээл заадаг.

https://www.facebook.com/event...