“Рихтерийн тэмдэглэл” гэрэл зургийн үзэсгэлэн


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд залуу уран бүтээлч З.Энхмөнхийн “Рихтерийн тэмдэглэл” гэрэл зургийн үзэсгэлэн танилцуулагдаж байна. Үзэсгэлэн 2020 оны 09 сарын 11-ээс 10 сарын 03-ныг дуустал ажлын өдөр бүр 10:00-с 19:00 цагийн хооронд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Рихтерийн тэмдэглэл” нь Английн хөгжмийн зохиолч Макс Рихтерийн хөгжмийн зохиолуудаас сэдэвлэсэн фото эссэ үзэсгэлэн юм. Зохиолууд нь Sleep (2015) цомогт багтсан “Зүүд”, Memoryhouse (2002) цомгоос “Тайлбаргүй”, Recomposed by Max Richter: Vivaldi- The Four Seasons (2012) цомгийн “Хавар”, Voyager (2019) цомгийн “Цэцэрлэгт”, “Арваннэгдүгээр сар”, “Алсрал” зэрэг болно. Эдгээр фото эссэ нь тус бүртээ бие даасан сэдэв өгүүлэмжтэй бөгөөд баримтат хийгээд зөгнөлт хоёр төрлийн завсарт бүтээгдсэн консепт бүтээлүүд юм.

Үзэсгэлэнд орсон гэрэл зургуудыг 2019 оны 10-р сараас 2020 оны 3-р сарын хооронд өвлийн үеэр Улаанбаатар хотод авсан. Тус ажлаар зурагчны өөрийн нь тусгалыг илэрхийлэхээс гадна бүхэлдээ утаатай, түгжрэлтэй Улаанбаатарын өвөл дундаас гоо сайхныг хайх эрэл юм. Ингэхдээ хөрөг, гудамжны, фэйшн гэх мэт гэрэл зургийн төрлүүдийг ашигласан байна.

Залуу уран бүтээлч З.Энхмөнх (Kush Zorigt) нь Хөгжим бүжгийн коллежийг урлагийн бакалавр зэрэгтэй төгссөн, 2016 оноос арт директор, 2018 оноос гэрэл зургийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Одоо  Гэрэг сэтгүүл, Ub.life сайтад арт директораар ажилладаг.