Очирдарь


-ЭНЭ УРЛАГ БИДЭНД ХОГ ХАЯГДЛЫГ ЗӨВ АШИГЛАЖ СУРАХ УХААНЫГ ӨГЧ БАЙНА-

-Та бүхний анхны бүтээл бас өнөөдрийн бүтээлийн талаар сонирхъё?

-Эхлээд бид цаасан шуумлын талаар мэдлэг муутай байлаа. Анх бөмбөлөг, ширээний чийдэн мэтийг хийж байсан бол өнөөдөр амьтан, мал, бэлэг дурсгалын зүйл, сүм хийдийн дурсгалт зүйлийг хийдэг болсон байна. Цаасаар урлаг хийх нь манай Монголд эртнээс байсан, одоо хоцрогдоод байгаа. Үүнийг сэргээж цаасаар төрөл бүрийн зүйл хийж сурна гэсэн болохоор маш их сонирхсон. Материал нь ч олдоц сайтайн дээр хор хөнөөлгүй учраас хичээллэж байлаа.

-Цаасан урлалд суралцах нь танд ямар ач холбогдолтой байна вэ?

-Цаасан урлал гэхээр бид өмнө нь хэдэн цэцэг эвлүүлж наах эсвэл ёолкны тоглоом шиг юм хийгээд л хананаас өлгөх тухай боддог байлаа. Бас музейд бурхны урлал, цагаан өвгөний толгой, цамын баг гээд их олон юм бий. Тоншоод үзэхэд “тог тог” гээд л дугардаг цаасан шуумлын урлалын талаар сонсож байсан ч ингэж хийдэг талаар мэддэггүй байлаа. Энэ мартагдаад, хоцрогдоод байсан урлагийг манай хүүхдүүд бидэнд заагаад ахин сэргээж байгаад бид маш их баяртай байна. Нөгөөтэйгүүр энэ урлаг санхүүгийн хувьд ч иргэдэд ашигтай, хог хаягдлыг зөв ашиглаж сурах ухааныг бидэнд өгч байна. Хамгийн гол нь үндэсний уламжлалыг сэргээхэд ашигтай байгаа нь сайхан санаа.