М.Дөлмаа


-ЯРУУ НАЙРАГЧ ХҮНД ОНГОД НЬ ОРЛОО ГЭДЭГ ШИГ БИ ҮҮНИЙГЭЭ ХИЙЖ БАЙХАД ОНГОД МИНЬ ОРДОГ-

-Та энэ хугацаанд хийсэн бүтээлүүдийнхээ онцлогийг тайлбарлахгүй юу?

-Хүн сонирхолдоо үнэнч байвал амжилтанд хүрдэг. Анх би нэг жижигхэн хурга, шувууны үүр хоёр хийсэн. Ер нь ч амьтанд хайртай учраас үргэлж л амьтныг бүтээлийнхээ гол сэдэв болгож байна.  Сонирхол минь намайг энэ урлагт улам л хөтлөөд байгаа учраас багш нарынхаа хэлж ярьсныг сайн сонсож, цаашид монгол ахуйг дүрслэхийн сацуу илүү хөгжилтэй зүйлс хийхийг хүсч байна. Багш нар маань хэлэхдээ “Сурагч нарын хийж байгаа зүйлийг харахад зан ааш, хүсэл сонирхол нь харагддаг” гэдэг. Би өөрийнхөө бүтээлүүдийг эмэгтэй хүн яг л гоёл чимэглэлд татагддаг шиг миний бүтээлд ч бас татагддаг байгаасай гэж хүсч хийдэг. Тиймээс ч яруу найрагч хүнд онгод нь орлоо гэдэг шиг би үүнийгээ хийж байхад онгод минь ордог. Нөгөөтэйгүүр, энэ урлал намайг маш олон найз нөхөдтэй болгож, бид нэг сонирхолтойгоор бие биетэйгээ туршлага судлан хамтдаа  суралцаж байна.

-Энэ хугацаанд танд ажлын захиалга орж ирсэн гэсэн. Их хурдан хугацаанд таны бүтээл бусдад хүрч ээ?

-Тиймээ, миний хамгийн эхний захиалга бол вакум цонхны талтай тэнцэх хэмжээтэй аав, ээж, хүү гурван зааны шуумал юм. Эхний ажлынхаа бэлэгдлийг бодож би гурван заанаа алтан өнгөөр урлахаар төлөвлөөд байна. Гол нь энэ бүтээлийн бүх зүйл эко, ямар ч химийн орц найрлага байхгүй тул хүний биед хортой, аюултай зүйл үгүй. Хүмүүс Хятадаас ирсэн тоглоом, сувинерүүдийг худалдаж авч болж байгаа юм чинь миний, бидний хийсэн таван хошуу малыг худалдаж авч болно гэж бодож байна. Эко бүтээгдэхүүнийг, жижиг дунд үйлдвэрийг, монгол ахуйгаа дэмжиж байна гэсэн үг шүү дээ. Сонирхолдоо би дэндүү үнэнч байгаа. Одоогоор олон нийтийн сүлжээгээр хийсэн ажлуудаа танилцуулаагүй байгаа ч хүмүүс маш их хандаж, урамшуулж, захиалга өгч байна. Яваандаа би таван хошуу малаа төгс хийж сураад, Улаанбаатар хотын айлуудыг малжуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Өөрөө урлаад эхлэхээр уран бүтээлч хүн, урлагийн талаар таны ойлголт өөрчлөгдөж байна уу?

-Хүн үгэнд үхэж, үгэнд босдог гэдэг шиг жижигхэн зүйлд л урам ордог. Аав маань “Манай удмынхан гартаа уртай байдаг. Чамд тийм зүйл байна уу” гэж хэлж байсан. Энэ үгэнд нь л эрэмшээд ийм гоё зүйлийг хийж байна. Айхтар үнэтэй биш ч амьдралд хэрэг болохоор, чамин гайхалтай зүйлсийг хийж бүтээл болгоно. Өөрийн сонирхлынхоо гүүр жигүүр нь би өөрөө болж, ингэж л амьдралаа босгоно. Нэг үгээр хэлбэл, их том зорилго бодож, маш бага өртгөөр, жижигхэн нөөц бололцоогоо ашиглаад уран бүтээлч болж байгаадаа маш их баярлаж урамшиж байна.