Гоёл чимэглэлийн урлаач - Э.Цагаанцоож

Цас Цагаанаа хэмээх уран бүтээлчийн нэрээрээ сошиал орчинд танигдсан Эрдэнэчимэг овогтой Цагаанцоож нь орчин үеийн хэв маягтай мөнгөн гоёл чимэглэл, зураасан зураг, керамикаар бүтээл туурвидаг авьяаслаг уран бүтээлч юм. Тэрээр 2016 онд СУИС-ийн Дүрслэх Урлагийн Сургуулийг төгссөн бөгөөд одоогоор өөрийн Art Jewellery by Tsagaanaa мөнгөн гоёл чимэглэлийн цуврал бүтээлээ туурвиж байна.

Цагаанцоож зураасан зургаас сурсан зохиомж, нарийн ажиллагааг керамик урлалаас сурсан хөдөлгөөн, загвар бүтэцтэй нэгтгэн, метал дээр өөрийн мэдрэмжийг зохиомжлон бүтээлээ урладаг. Түүний бүтээл үндэсний болон орчин үеийн хэв маягийг нэгэн зэрэг илэрхийлдгээрээ онцлог юм.

Тухайн агшин бүрт уран бүтээлч хүн байгалиас өөр өөр мэдрэмжийг авдаг тул ХҮН ба БАЙГАЛЬ-ийн салшгүй холбоо, харилцан шүтэлцээг түүний бүтээлээс харах боломжтой.

Гоёл чимэглэл нь хэрэглээний хэв шинжтэй боловч уран бүтээлчийн зүгээс түүнийг урлаг болгон хөгжүүлж, улмаар орчин үеийн хэв маягтай “contemporary jewellery” төрлийг бүтээхийг зорьдог.

Цагаанцоож нь 2010 оноос хойш гадаад дотоодын үзэсгэлэнд оролцон, бүтээлээ танилцуулж ирсэн. Үүнд:

  • 2010- 2017 Алтан бийр үзэсгэлэн
  • 2011- 2016 Хавар үзэсгэлэн
  • 2012-2017 Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн
  • 2013 Намар үзэсгэлэн
  • 2012- 2014 Зураас үзэсгэлэн
  • 2015 Монгол Япон зураачдын хамтарсан үзэсгэлэн
  • 2015 Хар Цагаан Өнгө график уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн
  • 2016 Цоожгүй хаалга үзэсгэлэн
  • 2017 UB eco ceramic art symposium зэрэг болно.