Б.Чулуун


-Та энэ сургалтанд суухаасаа өмнө юу хийдэг байв аа?

-Би оюутан болж хотод орж ирснээсээ хойш арав гаруй жилийн турш энэ хороонд амьдарч байна. Анх айлын хашаа, байшин, байр түрээслэн амьдардаг байсан бол одоо нөхөр хоёр хүүхдийн хамтаар эндээ суурьшсан. Би группт ороод таван жил болсон байна. Өмнө нь зүгээр л ажлаа хийгээд явдаг байсан бол багадаа осолд орж байсан хууч гэнэт хөдөлснөөс хөл муудаж, ажил хийх боломжгүй болсон. Ингээд л гэртээ зүгээр сууж, хөдөлгөөн багасаад, элдэв эм тариа хэрэглэх болсноор 48 кг жинтэй байсан би маш их таргалж сэтгэлээр унасан. Гэртээ зүгээр сууж чадахгүй, гарын ур дүйтэй болохоор бүгдийг оролдох болсон. Хүүхдийн үсний боолт, шүр сувдан ээмэг бөгж, бүс, хайрцаг, даалин гээд хийхгүй юм үгүй. Би өөрөө ч оёх дуртай. Энэ хавийнхан маань ч намайг их сайн таньдаг. Харин саяхан энэ урлалын талаар дуулаад, сонссон даруйдаа л ирж бүртгүүлсэн.

-Та бүтээлүүдээрээ юуг түлхүү дүрсэлж байна вэ?

-Багш нар маань бидэнд үндэсний ахуй, соёлыг харуулсан бүтээл хийвэл гадны хүмүүс их сонирхоно шүү гэж хэлсэн. Би өөрийн бүтээлүүдээ зүлгүүрээр маш сайн зүлгүүрдэж гөлгөр болгож байгаагийн зэрэгцээ их сайн хэв авч байгаа гэж багш нараасаа сайшаал хүртсэн. Нэг бүтээлийг онцлон хэлвэл хөөрөг байна. Энэ хөөргийг яг одоо ч шууд хэрэглэж болно. Өмнө нь оёдог байсан даалиндаа зориулаад ингэж хөөрөг хийж байгаа юм. Мөн өөрөө гэрт амьдардаг болохоор хийхэд дөхөм гэж үзэн монгол гэр хийсэн. Анх технологийг нь сайн мэдэхгүй болохоор их бүтэлгүйтэж байсан ч багш нартайгаа уулзсаны дараа бүтээлүүд гараас маш хурдан гарах болсон. Ингээд анхны захиалгаа авч “Тариан түрүү” үлгэрийн бүх баатрууд, эд хэрэглэлийг нь цаасан урлалаараа хийсэн.

Б.Чулуун, 31 настай