УРАН БҮТЭЭЛЧ Э.НАЙДАНДОРЖИЙН АГУУРИГ ҮЗЭСГЭЛЭН УЛААН ГЭР ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


МУЗ-ийн "Улаан гэр" бүтээлч орон зай нь уран бүтээлчдийн бүтээн туурьвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчилах зорилгынхоо хүрээнд Э.Найдандоржийн “АГУУРИГ” үзэсгэлэнг 2022 оны 10 сарын 08-аас 10 сарын 18-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж байна.

Тус үзэсгэлэн нь МУЗ-ийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй 7 дахь үзэсгэлэн бөгөөд Уран бүтээлч Найдандоржийн зохиосон Агууриг тигийн дагуу 2012 оноос хойш хийж бүтээж буй тамганы бүтээлүүд юм.

Энэхүү тиг нь эвхмэл үсгийн суурь дээр үндэслэн орчин цагийн хэлбэр дизайнийг шингээн бүтээсэн ба билэгдэл зүй, хээ чимэглэл агуулсан дахин давтагдашгүй, цор ганц бүтээлүүд юм. Одоогоор 50 гаруй нэрийн дардас, лого, тамгыг бүтээсэн бөгөөд тус үзэсгэлэнд шилмэл 23 бүтээлийг дэлгэн үзүүлсэн.

Уран бүтээлч, Каллиграфч Э.Найдандорж нь 2006 онд ДУДэС-ыг зураач мэргэжлээр төгссөн. 2009 онд анхны бие даасан /Дусал/ үзэсгэлэнгээ Монгол зургийн чиглэлээр гарган, 2012 онд /4х1/ political art хамтарсан үзэсгэлэн гаргаж мөн гадаад дотоодын тринналь, бинналь, фестиваль, үзэсгэлэн, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож ирсэн. 

Үүнээс дурьдвал: “Цаг хугацаа ба орон зай” Монгол Солонгосын хамтарсан Нүүдлийн урлан төсөл Солонгос улс Сөүл хот 2013он, “Диваажингаас төөрсөн хүүхдүүд” Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, АНУ-ын Төрийн департменттай хамтран “Урлагаар дамжуулан ардчилалыг дэмжих” төсөл 2013 он. The 5th Fukuoka Asian Art Triennale 2014, Үндэстний их баяр наадам 2014 ерөнхий зураач ,Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойн хүндэтгэлийн концерт болон язгуур урлагийн концертуудын ерөнхий зураачаар тус тус ажиллаж байсан. Мөн үүний сацуу Монголын орчин үеийн уран бичлэгийн хөгжилд хувь нэмэр оруулан зохиогдож буй үзэсгэлэнгүүдэд идэвхитэй оролцдог. Уран бүтээлээрээ Франц, Япон, Солонгос, Орос, Хятадад хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан.

Агууриг үзэсгэлэн 10 сарын 18 ныг дуустал 10:00-18:00 цагийн хооронд МУЗ-ийн "Улаан гэр" бүтээлч орон зай гарна. Та бүхэн өөртөө, болон дотны хүндээ зориулан дахин давтагдашгүй цор ганц бүтээлийг уран бүтээлч Э.Найдандоржоор хийлгэх боломжтой юм.