Уран бүтээлч Н.Отгонбатын “Тунамал” резин арт үзэсгэлэн



Тунамал гэх үгийн сонсоод нэгэн дуу сэтгэлд буув. 

Үлэмжийн чанар төгөлдөр 
Өнгө нь тунамал толь шиг
 ...”  

Чихэнд таатай энэ үгийн утгыг тунгаан хайвал хэд хэдэн утгаар хэрэглэгдэх аж. Эдгээрээс хиргүй тунгалаг эсвэл шигшигдэн тунаж үлдсэн гэх утгууд нь энэ үзэсгэлэнд яв цав тохироод байгаа юм. Учир нь тунгалаг шингэн шилээр (resin art) зурсан толь болсон зургууд болохоороо гэж шууд утгаар нь бас хүлээж авч болох юм. Гэхдээ энд бүтээлийн хийцийн тухайд биш агуулга нь гэж онцолмоор байна. Өнөөдрийн энэ үзэсгэлэн бол өмнөх үзэсгэлэнгийн үргэлжлэл хэдий ч мөнхийн сэдэв “хүн” гэдэг сэдэвт илүү төвлөрсөн санагдана. Уран бүтээлч Н.Отгонбатын тавдугаар сарын “Хэл хээ” үзэсгэлэн нь бидэнд түүх, соёл, уламжлалын өөрчлөлт хувьслын хэлхээг харуулсан юм. Тэрээр “Юмс үзэгдэл шилжин хувьсахдаа хуучнаасаа хэсгийг таслан авч зарим нь гээгдсээр өөрийн шинэ өнгө төрхөө олдог” гэж байсан билээ. “Тунамал” үзэсгэлэн нь хүн төрөлхтөн бидэнд тохиож байгаа хувьсал өөрчлөлт, технологи, техникийн дэвшил, улам хурдацтай өөрчлөгдөх амьдралын хэв маягийг харуулна, сануулна. Нөгөөтээгүүр хүн л өөрчлөгдөхгүй өнөөх араншингаараа байгааг бас давхар харуулах нь түүний “Манай аялгуу”, “Гандий мод” зэрэг бүтээлээс цухалзана. Бидний өнөөгийн зан чанарууд, хүсэл тэмүүллүүд, мэдрэмжүүд, хайр, гэгээн болон гунигт бодлууд гээд маш олон зүйлс тунаж үлдсээр байгаа хүний араншин билээ. Эцэст нь хэлэхэд “Тунамал-1”, “Тунамал-2” зэрэг бүтээлүүдэд анхаарлаа хандуулан ажаарай. Үлэмж төгөлдөр тунамал бодлууд танд оршиг ээ.

МУЗ-өөс зохион байгуулж буй “Тунамал” уран бүтээлч Н.Отгонбатын резин арт үзэсгэлэнд  9 сарын 7- 9 сарын 13 хооронд  “Улаан гэр” бүтээлч орон зай /Чингэлтэй дүүрэг, жуулчдын гудамж, дельта төв 402 тоот/10:00-18:00 цаг хооронд олон нийтэд үнэ төлбөргүй гарна. 

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.